ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ЁCЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

2017-12-18

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын хэмжээнд геодезийн сууриар баталгаажсан, кадастрын зурган мэдээлэлд суурилсан, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл, цахимжсан хувийн хэрэг бүхий иргэдийн газар ашиглахтай холбоотой өргөдөл, бүртгэл, түүний шийдвэрлэлтийг автоматжуулсан, иргэд, олон нийтэд нээлттэй, нийгэм, эдийн засгийн олон талт эрэлт, хэрэгцээг хангах газрын кадастрын мэдээллийн систем байгуулахаар зорьж ирсэн.

Энэхүү зорилтынхоо хүрээнд өнөөдөр албан ёсоор системээ хүлээн авч, түлхүүр гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Засгийн газрын зүгээс бидний газрын харилцаанд асуудалд онцгойлон ач холбогдол өгч, Монгол улсын Улсын сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ирж тууз хайчлан түлхүүр гардан авч, мөн цаашид системийг тогтвортой авч явах, иргэдэд илүү ойрхон үйлчилгээ үзүүлэх талаар үүрэг, чиглэл өглөө.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга, Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд, Х.Баделхан, БХБ-ын дэд сайд, Ш.Лхамсүрэн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцлоо.

2013 оноос хойш “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажлыг 21 аймаг, 330 суманд хэрэгжүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд газрыг албан бусаар ашиглаж буй зөрчлийг илрүүлэх, газар ашиглалтын зөрчилтэй нэгж талбаруудыг тодорхойлох, кадастрын зураглал, бүртгэл болон газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, Засгийн газраас батлагдсан солбицлын, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх, цахимжуулах ажлыг хийж гүйцэтгээд байна.

Кадастрын мэдээллийн систем нэвтэрсэнээр иргэдийн газрын эрх бүртгэлээр баталгаажиж, төрийн үйлчилгээний чанарт өөрчлөлт гарч, иргэн интернэтээр өргөдлийн явц, шийдвэрлэлтээ хянах, өөрийн газрын бүртгэл, баталгааг өөрөө байнга хянах бололцоо, газрын харилцааны мэдээллийг найдвартай эх үүсвэрээс авах боломж нээгдэж байгаа юм. Энэхүү арга хэмжээнд аймгийн ГХБХБГазруудыг төлөөлж Хэнтий аймгийн ГХБХБГазрын дарга Д.Баярхүү оролцож Кадастрын мэдээллийн нэгдсэн системийн  орон нутагт хэрэгжилт, ашиглатын байдлын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгсөн.  

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР