МЭНДЧИЛГЭЭ

2017-12-22

Мэндчилгээ

Энэ онд Хэнтий аймагт газрын харилцааны алба үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Анх Газрын тухай хууль батлагдан гарсанаар 1997 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргын 216 дугаар захирамжаар Д.Занабаатар даргатай 5 хүний бүрэлдэхүүнтэй Газрын харилцааны алба үүсэн байгуулагдаж байсан түүхтэй юм.

2002 онд “Газрын тухай хууль” шинэчлэгдэн, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль шинээр батлагдан гарсантай холбогдуулан тухайн үеийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албатай нэгтгэж  шинэ бүтэц зохион байгуулалт, чиглэл бүхий Газрын албыг 2003 онд байгуулж  байсан.

Энэ үеэс шинэчлэн батлагдсан хуулиудын хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор сумдад газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн болох Газрын даамалтай болж орон нутагт Газрын тухай хууль, Газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, газрын харилцааны чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн юм.

Нэгж талбарын хувийн хэргийг дахин бүрдүүлэн гэрчилгээжүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээний анхны газрын кадастрын мэдээллийн сан үүсгэх, аймгийн болон Хэрлэн сумын ГЗБЕТөлөвлөгөөг хийлгэх ажлуудыг зохион байгуулж газрын харилцааны салбарыг шинэ түвшинд гаргасан юм.

2007 онд аймгийн Засаг даргын 12 дугаар захирамжаар Барилга хот байгуулалтын алба байгуулагдан ажиллаж байсныг 2009 оны 170 дугаар захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг байгуулсан нь одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа бүтэц, чиг үүргийн эхлэл юм. 

Манай хамт олны зүгээс 20 жилийн ой угтсан олон ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Батноров, Батширээт сумын Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө буюу сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах ажил, 5 суманд бэлчээр хамгаалах, бэлчээрийн менежментийн ажлыг эхлүүлж 34 бэлчээр ашиглалтын хэсэг, 1 сумын бэлчээр ашиглалтын холбоог байгуулсан, Хэрлэн сум Дулааны энгэрийн 200га газрын нөхөн сэргээлтийн ажил, сумдын 1:1000, 1:100000 масштабтай хаягийн зураг,  “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажил” –ыг хийж гүйцэтгүүлэн “Лэнд менежер” програм хангамжийг ашиглалтад хүлээн авч аймгийн хэмжээнд 18 суманд нэвтрүүлэн газрын кадастрын мэдээллийн санд нэмэлт өөрчлөлтийг хийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. 

Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах арга хэмжээг танхимын хэлбэрээр зохион байгуулж газар эзэмшүүлэн ажиллаж байсан бол ГЗБГЗЗГ-аас “Газрын цахим бирж”-ийн программыг газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллага интернет ашиглан оролцох боломжтой болсон.

Газар өмчлөлийн тухай хууль батлагдан мөрдөж эхэлснээс хойш 19128 иргэнд 2108,6 га газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулж 26 хувьтай байна.

 Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй,  шуурхай, ая тухтай орчинд хүргэх зорилгын хүрээнд байгууллагын конторын барилгыг шинээр ашиглалтад оруулж, 9 төрлийн дээж шинжилгээ авах барилгын материалын лабораторийг шинээр байгууллаа. 

Байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлөөр хангах, ажлын идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагтай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг шат дараатай зохион байгуулж, олон нийтийн арга хэмжээнд оролцуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, сар бүрийн шилдэг ажилтныг шалгаруулж Талархал мөнгөн шагналаар шагнах, жилийн эцсийн үр дүнгээр Шилдэг сумын даамал, төрийн албан хаагчдыг шалгаруулж урамшуулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

Ингээд Хэнтий аймагт газрын харилцаа салбар үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа үе үеийн удирдлагууд, албан хаагчид, нийт газрын даамлууд, харилцагч байгууллага, иргэд та бүхэндээ баярын мэнд хүргэж цаашдынх нь ажил амьдралд нь амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР