Баянхутаг суманд "Нээлттэй газрын харилцаа орон нутагт" өдөрлөгийг зохион байгууллаа.

2018-04-19

“Нээлттэй газрын харилцаа-Орон нутагт” өдөрлөгийг 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянхутаг сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж, өдөрлөгөөр нийт 73 иргэнд үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Өдөрлөгийн үеэр ГХБХБГазраас газар болон барилгын чиглэлээр 2017 онд хийсэн ажлууд, байгууллагын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын тухай, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Баянхутаг сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сурталчилсан. 
Баянхутаг сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 8 иргэнээс шинээр газар өмчлөх өргөдөл, 5 иргэнээс эзэмшиж байгаа хашааны газраа өмчлөх нийт 13 иргэнээс өргөдлийг хүлээн авч Газар өмчлүүлэх Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан сумын Засаг даргын тамгын газрын даргад танилцуулан хүлээлгэн өгч ажилласан. 
Мөн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 26 иргэнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчилж авах саналыг тус тус саналын хуудсаар авч, газар өмчлөлийн талаар 20 иргэнд зөвлөгөө өгч, 30 иргэнд газар өмчлөл, эзэмшлийн талаарх гарын авлага, материал тарааж, сумын Засаг даргын захирамжаар газрын хэмжээ өөрчлөх тухай шийдвэр гарсан 6 нэгж талбарыг газрын кадастрын мэдээллийн санд орууллаа. 
Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 180 тоот тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх журмын дагуу шинээр барилга байгууламжийн хувийн хэргийг Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг зэрэг барилга байгууламжид нийт 20 ширхэг барилга байгууламжийн хувийн хэргийг нээж, хүлээлгэн өгч, хэрхэн хөтлөх талаар заавар зөвлөгөө өгөв. 
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд тус сумын 3-н багийн зорилтот бүлгээс сонгогдсон Оюун овогтой Шинэтулга, Жамъян овогтой Батцэцэг, Дүйнхэрсүрэн овогтой Мөнхсайхан нарт газар өмчлүүлэх болон эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын захирамж гаргуулан газрын кадастрын мэдээллийн санд оруулж кадастрын хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэн газрыг эзэмшигч, өмчлөгчдөд хүлээн өгч ажилласан.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР